Онцлох мэдээ: Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ                 Дөрөвдүгээр сарын нэгний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас 5-50 см нимгэрч  мөс харлах, мөс байрандаа хайлах, усан зах үүсэх, харз гүйх зэрэг үзэгдэл ажиглагдаж  байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан гол мөрний мөс хайлж, мөсний нягт багасан хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-04-01

Дэлхийн болон Монголын Ус, цаг уурын өдөрт зориулсан ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшингийн мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

 

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Дэлхийн усны өдөр, Дэлхийн цаг уурын өдөр, Монголын Усны болон цаг уурын өдөр,  Монгол улсад  Ус цаг уурын байгууллага үүсч хөгжсөний түүхт 96 жилийн ойн баярын мэндийг хүргэе. 

Монгол улсын Ус цаг уурын байгууллагын мэргэжлийн хамт олон ДЦУБ-ын гишүүн орнуудын цаг уурч нөхдийн хамтаар мэргэжлийн баярын өдрөө тэмдэглэж байна. Энэ жилийн хувьд Дэлхийн усны болон цаг уурын өдрийг “Уур амьсгал ба ус” гэсэн нэгэн сэдвийн дор тэмдэглэж байна. Монгол улсын Засгийн газрын тогтоолоор 2017 онд жил бүрийн 3 дугаар сарын 23-ний өдрийг “Монголын усны болон цаг уурын өдөр” болгон тэмдэглэж байхаар баталсан.

Өдгөөгөөс 96 жилийн тэртээ 1924 онд Судар бичгийн хүрээлэнгийн бүрэлдэхүүнд “Огторгуйн одон орон гариг ба цаг уурыг шинжлэх салаа”-г байгуулсан нь Монгол улсын Ус цаг уурын албаны эхлэл болсон түүхтэй. Монгол улсын Ус цаг уурын байгууллага өнгөрсөн түүхийн хугацаанд саад, бэрхшээл бүхнийг амжилттай даван туулж, үе үеийн ус цаг уурчдын нөр их хөдөлмөр, зүтгэл, ДЦУБ-ын гишүүн орнуудын тусламж дэмжлэгийн үр дүнд Монгол орны нийт нутгийг хамарсан ус цаг уур, орчны хяналт шинжилгээний нэгдсэн сүлжээтэй,  ус цаг уурын үзэгдэл явцыг урьдаас танин мэдэх, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлэх тогтолцоо бүрдсэн,  орчин цагийн шинжлэх ухаан, техникийн ололтод суурилсан,  Дэлхийн цаг уурын байгууллагын бүрэн эрхт гишүүн болж, дэлхийн хөгжлийн дундаж түвшин рүү тун ойртож байгаа  биеэ даасан үндэсний алба болтлоо хөгжиж байгааг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.     

Тус газраас улсын сүлжээний өртөө, харуул, лабораторийг сүүлийн үеийн автомат станц, нарийвчлал сайтай багаж, тоног төхөөрөмжөөр хангахад онцгойлон анхаарч ирсний үр дүнд улсын сүлжээний цаг уурын станцуудын 95 хувь, цаг уурын харуулуудын 20 гаруй хувь нь автомат хэмжлийн багажаар хангагдаж,   Дэлхийн цаг уурын байгууллагын гишүүн орнуудад ашиглаж буй өндөр хурдтай тооцоолох төхөөрөмж,  Дэлхийн болон бүс нутгийн хэмжээний тоон прогнозын загваруудыг өдөр тутмын үйл ажиллагаандаа бүтээлчээр ашиглаж  байгаагийн үр дүнд Ус цаг уурын байгууллагаас үйлчилгээнд гаргаж буй мэдээллийн чанар, нарийвчлал жилээс жилд сайжирч, эрхэм зорилгоо мэргэжлийн өндөр түвшинд биелүүлэн ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд Ус цаг уурын салбарын хөрөнгө оруулалт нэлээд нэмэгдэж, 2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянхонгор аймгийн Баянцагаан, Завхан аймгийн Тосонцэнгэл, Увс аймгийн Наранбулаг, Өмнөговь, Ховд аймгийн Мөст болон Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумдын нийт 6 цаг уурын өртөөний барилга, Цаг уур, орчны шинжилгээний газрын хашаанд Хиймэл дагуулын мэдээ хүлээн авах газрын станцын антены цамхгийн 9 давхар байр байр тус тус шинээр баригдаж ашиглалтад орох сайхан мэдээг та бүхэндээ дуулгахад таатай байна. Мөн 2020 онд урсгал төсвийн зардлаар 13 ширхэг цаг уурын автомат станц худалдан авч, хурлын зааланд 4,5*2,5 метрийн хэмжээтэй том дэлгэцийг суурилуулж, энэ оны 3 дугаар сард багтаан ашиглалтад оруулахаар  төлөвлөж худалдан авах арга хэмжээг зохион байгуулж байна.

 

Монгол улсад Ус цаг уурын байгууллага үүсч хөгжсөний түүхт 96 жилийн ойг тохиолдуулан энэ байгууллагын тулгын чулууг тавилцсан ахмадууд, өнөөг хүртэл гал голомтыг нь бадрааж яваа ус цаг уурчид, инженер, техникийн ажилтнууд Та бүхэндээ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа  чин сэтгэлийн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 

 ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГА,

ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГА ДАХЬ МОНГОЛ УЛСЫН БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ                                                                    С. ЭНХТҮВШИН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/04/10

14 цаг

13 55
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2020/04/10

15 59
O
CF
Цэлмэг

9 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store