Гол, мөрний усны горимын тойм 2019-10-02

Гол, мөрний усны горимын тойм

2019 оны есдүгээр сарын гуравдугаар арав хоног

           1.Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн

Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Үүр, Шишхэд зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буюу хоногт 1-2 см буурсан явцтай ба арав хоногийн дундаж утгаараа олон жилийн дундаж болон 2018 оны мөн үеийнхээс  15-115 см бага харин Эг голын дагууд өмнөх оны мөн үеийнхээс 5-15 см ахиу байна.  

Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман Хойттамир, Урдтамир голын усны түвшин 9 дүгээр сарын сүүлийн арав хоногийн турш хоногт 1 см буурсан ба арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 20-140 см бага байна. Харин ус судлалын Идэр-Дээдтолгой, Идэр-Их-Уул харуул орчимд олон жилийн дунджаас 20-40 см ахиу устай байна.

Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Тэрэлж, Шарын гол, Сэлбэ, Сөгнөгөр болон Туул голын нийт уртын дагууд усны түвшин өнгөрсөн хугацааны турш 5-15 см буюу хоногт 1-2 см буурсан ерөнхий хандлагатай ба  арав хоногийн дундаж утгаараа олон жилийн дундаж болон 2018 оны мөн үеийнхээс 10-50 см бага харин Туул голын адгаар олон жилийн дунджаас 10-50 см ахиу байна.

Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагууд усны түвшин өмнөх арав хоногийн турш хоногт 1см орчим буурсан ба арав хоногийн дундаж түвшинг өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал  10-70 см бага харин Сэлэнгэ мөрний дунд болон адгаар 10-75 см ахиу байна. 

      2.Номхон далайн ай савын гол, мөрөн

Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн болон Их Хянганы нуруунаас усжих Халх голын дагууд усны түвшин өмнөх арав хоногийн турш хоногт 1-5 см буурсан явцтай байсан бол Улз голын нийт уртын дагууд хоногийн түвшний хэлбэлзэл харьцангуй багатай байлаа.  Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшин  олон жилийн дундаж болон 2018 оны мөн үеийнхээс 10-35 см бага бол Балж, Онон, Халх  голын дагууд 5-45 ахиу байна.

      3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав                

            Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган, Сагсай, Турган, Харбут, Чигэртэй, Төгрөг, Дундцэнхэр, Чонохарайх, Долоонуур зэрэг голуудын хоногийн түвшний хэлбэлзэл 1-2 см байсан ба арав  хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал Ховд, Буянт, Турган, Чигэртэй, Чонохарайх, Долооннуур голынх 5-45 см ахиу, Булган,  Дундцэнхэр, Сагсай, Төгрөг голынх олон жилийн дунджаас  5-45 см бага байна.

Хангай нурууны өврийн Чигэстэй, Богд, Буянт, Хүнгүй, Хожуул, Тээл, Завхан, Зүйл, Шарга, Түй, Заг, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Онги , Зэгстэй, Таац зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш түвшний хэлбэлзэлгүй шахам байсан ба арав хоногийн дунджаараа 2018 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-95 см бага байна.    

Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Тэс,  Хариг, Намир, Хангилцаг зэрэг голууд өмнөх арав хоногийн турш түвшний өөрчлөлтгүй  шахам байсан ба  арав хоногийн дундаж утгаараа өнгөрсөн оны мөн үе болон  олон жилийн дунджаас 5-70  см их байгаа бол Чигж, Баруунтуруун гол 10-15 см бага түвшинд байна.

Есдүгээр сарын гуравдугаар арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан хандлагатай байсан байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс

2019.10.02

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2019/10/14

20 цаг

0 32
O
CF
Утаа
1 м/с

ӨНӨӨДӨР - 2019/10/14

7 44
O
CF
Багавтар үүлтэй

5 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store