
Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-05 04:33:19
Гол, мөрний усны горимын тойм 2016-09-23
Гол, мөрнийусны горимын тойм
2016 оны есдүгээр сарын хоёрдугаар арав хоног
1.Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн
2016 оны есдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эх авсан Бэлтэс голын усны түвшин энэ сарын 11-14-ны өдрүүдэд үерийн тувшинг 10 см даван үерлэж байсан ба 10 хоногийн турш олон жилийн дундаж түвшинг 10 см давсан байдалтай элбэг устай байлаа. Харин бусад голуудын хувьд харьцангуй түвшний хэлбэлзэл багатай хугацааны туршид өдөрт 1-5 см буурсан ба арав хоногийн дундаж утгаараа Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Эг голуудын хувьд олон жилийн дундаж болон 2015 оны мөн үеийнхээс 10-20 см ахиу түвшинд байна.
Хангай нурууны араас усжих Идэр, Чулуут, Урдтамир голын усны түвшин арав хоногийн турш хоногт 2-5 см буурсан хэдий ч хугацааны турш олон жилийн дундаж түвшинг давсан байдалтай байна. Мөн бусад голуудын хувьд тухайн хугацааны турш хоногийн түвшний хэлбэлзэл багатай байсан ба арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-30 см их байна.
Хэнтэй нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Шарын гол, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр зэрэг голуудын усны түвшин өнгөрсөн хугацааны турш өөрчлөлт багатай буюу хоногийн түвшний хэлбэлзэл 1-2 см байсан ба Хүдэр болон Туул голын адгаар олон жилийн дундаж түвшинг давсан байдалтай байна. Хэнтэй нурууны баруун хажуугийн дээрх голууд арав хоногийн дундаж утгаараа олон жилийн дунджаас 10-40 см бага харин 2015 оны мөн үеийнхээс 5-25 см их түвшинд байна.
Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим буурсан ерөнхий хандлагатай байсан ч олон жилийн дундаж түвшинг 10-40 см давсан хэвээр байлаа. Тухайн хугацааны арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2015 оны мөн үеийнхтэй харьцуулбал 20-40 см ахиу байна. Харин Орхон голын дагууд усны түвшин хугацааны эхэн үеэр хоногт 5-10 см буурсан хэдий ч Өлзийт сум орчимд үерийн тувшинг 30 см даван үерлэсэн байна. Харин 9 дүгээр сарын 17-18ны өдрүүдэд Орхон голын эхээр усны түвшин хоногт 10-30 см нэмэгдэж Хархорин сум орчимд үерийн түвшинг 15 см орчим даван үерлэсэн байна. Арав хоногийн дундаж утгаараа өмнөх оны мөн үеийнхээс 10-30 см ахиу харин олон жилийн дундаж түвшний орчим байсан байна.
2.Номхон далайн ай савын гол, мөрөн
Хэнтэй нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хэрлэн голын эх, Балж, Онон, голын дагууд усны түвшин өмнөх арав хоногийн турш хоногт 1-5 см буурсан ч олон жилийн дундаж түвшинг 10-40 см давсан хэвээр байлаа. Их Хянганы нуруунаас усжих Халх гол болон Улз голын хувьд хоногийн түвшний хэлбэлзэлгүй байсан байна. Номхон далайн ай савын дээр дурьдсан голуудын арав хоногийн дундаж түвшин олон жилийн дунджаас 10-30 см бага харин 2015 оны мөн үеийнхээс 20-40 см ахиу байна.
3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав
Алтай нуруу, түүний салбар уулсаас усжих Ховд, Сагсай, Турган, Харбут, Чигэртэй, Булган, Дундцэнхэр, Чонохарайх, Төгрөг, Долооннуур зэрэг голуудын усны түвшин өнгөрсөн хугацааны турш хоногийн түвшний хэлбэлзэл багатай байсан байна. Алтай нурууны дээрх голууд арав хоногийн дундаж утгаараа олон жилийн дундаж болон 2015 оны мөн үеийнхээс 10-20 см бага түвшинд байна.
Хангай нурууны өврийн Буянт, Хожуул, Тээл, Зүйл, Завхан, Түй, Заг, Шаргалжуут, Онги, зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш 5-10 см буурсан ба хугацааны турш олон жилийн дундаж түвшинг давсан байдалтай элбэг устай байлаа. Хангайн өврийн голуудын арав хоногийн дундаж түвшинг өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 5-10 см ахиу харин Богд, Хүнгүй, Яруу, Цагаантуруут, Шар ус, Шарга голын дагууд 10-30 см бага байна.
Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Намир, Хариг зэрэг голууд өнгөрсөн хугацааны турш хоногийн түвшний өөрчлөлт багатай байсан ба Хархираа, Түргэн, Тэс голууд арав хоногийн турш олон жилийн дундаж түвшинг 20-40 см давсан байдалтай байлаа. Эдгээр голуудын арав хоногийн дундаж түвшинг олон жилийн дундаж болон 2015 оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-30 см ахиу түвшинд байсан бол Баруунтуруун, Намир, голын хувьд олон жилийн дунджаас 5-10 см бага байна.
Есдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан явцтай байна.
Ус судлалын сектор
2016.09.22

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
2 цаг




ӨНӨӨДӨР - 2019/12/08



5 м/с


Шинэ мэдээ

