
Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-01 23:24:38
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм /2015-11-22/
Гол, мөрний мөсний үзэгдэл ба зузааны тойм
2015 оны арваннэгдүгээр сарын хоёрдугаар арав хоног
1.Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн
2015 оны арваннэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Үүр, Шишхэд зэрэг голууд 10-30 см зузаан мөсөн бүрхүүлтэй ба мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-15 см нэмэгдсэн байна. Харин Бүгсий голд хараахан тогтвортой мөсөн бүрхүүл тогтож амжаагүй бөгөөд мөсөн зах үүсч өтгөн зайр гүйх үзэгдэл зонхилон ажиглагдаж байна.
Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут голд 20-70 см зузаан мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-35 см нэмэгдсэн байна. Суман, Хойттамир, Урдтамир голд мөсөн зах үүсч шингэн болон өтгөн зайр гүйх үзэгдэл голлон ажиглагдаж байна.
Хэнтэй нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Туул, Тэрэлж болон түүний цутгал голууд 15-30 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа нь мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас 5-15 см- ээр зузаарсан байна.
Сэлэнгэ мөрний эх болон адгаар нимгэн мөсөн бүрхүүлтэй, дунд хэсгээр өтгөн зайр гүйх үзэгдэл ажиглагдаж байна. Харин Орхон голын нийт уртын дагууд битүү мөсөн бүрхүүл тогтсон бөгөөд мөсний зузаан 10-20 см буюу өмнөх арав хоногийнхоос 5 см орчим нэмэгдсэн байна.
2.Номхон далайн ай савын гол, мөрөн
Хэнтэй нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Балж, Онон, Улз, Хэрлэн болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд 10-35 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон ба энэ нь өнгөрсөн хугацааныхаас 10-15 см нэмэгдсэн байна.
3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав
Алтай нуруу, түүний салбар уулсаас усжих Ховд, Сагсай, Турган, Харбут, Чигэртэй, Долооннуур, Хангай нурууны өврийн Богд, Чигэстэй, Буянт, Яруу, Хожуул, Завхан, Заг, Байдраг, Цагаантуруут, Шаргалжуут, Онги, Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Түргэн, Тэс, Хангилцаг Намир, Хариг зэрэг голууд 20-55 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа нь өмнөх арав хоногийнхоос 10-30 см зузаарсан байна.
Арваннэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-35 см нэмэгдсэн байна.
Хэдийгээр нийт нутгаар ихэнх нол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтсож, мөс улам зузаарах хандлагатай байгаа боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрээгүй байгааг анхааруулж байна.
Ус судлалын сектор
2015.11.21

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
2 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2021/01/20



5 м/с


Шинэ мэдээ

