
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2020-12-22 16:00:42
2020 оны 12 дугаар сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцөлийн тойм
Агаарын температурын арав хоногийн дундаж ихэнх нутагт 15-24,9 градус, уулархаг нутаг болон томоохон голуудын хөндий, Дарьгангын тэгш өндөрлөгөөр 25-29,9, Хэнтэй, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг, Хархираа, Түргэний уулсаар 30-40,7 градус, өмнөд говиор 9,4-14,9 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджаас 1,2-9,2 градусаар хүйтэн, Увс, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнодын зарим хэсгээр дунджийн орчим ба түүнээс 1,1-1,4 градусаар дулаан байлаа.
Агаарын температур өдөртөө ихэнх нутагт 6-15 градус, уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 16-24 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус хүйтэн, шөнөдөө уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 36-44 градус, говийн нутгийн өмнөд, төвийн нутгийн зарим газарт 20-26 градус, бусад нутагт 27-35 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын температур өдөртөө уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 9-21 градус хүйтэн, говь, тал хээр нутгаар 3 градус дулаанаас 8 градус хүйтэн, шөнөдөө ихэнх нутагт 26-35 градус, уулархаг нутгаар 36-46 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 23-25 градус хүйтэн байлаа.
Энэ арав хоногт ихэнх нутагт хур тунадас ороогүй. Харин Завхан, Архангайн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Дорноговь, Өмнөговийн зарим нутгаар 0-1,8 мм тунадас орсон (2 дугаар зураг). Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт олон жилийн дунджаас бага орсон.
12 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг, Хархираа Түргэний уулс, Хан Хөхийн нуруугаар 20 см-ээс их, Увсын Давст, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Баянхонгорын Галуут, Өвөрхангайн Бүрд, Булганы Могод, Сүхбаатарын Асгат, Эрдэнэцагаанд 10,1-20 см, Орхон, Сүхбаатарын нийт, Архангай, Булган, Төвийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар 5,1-10 см, гуу жалга, хунгарласан газартаа 15-20 см, бусад нутагт 1-5 см зузаан цастай (3 дугаар зураг) байна.
Салхины хурд түр зуур Баян-Өлгийн Өлгий, Ховдын Ховд, Мөнххайрхан, Завханы Нөмрөг, Хөвсгөлийн Шинэ-Идэр, Баянхонгорын Баянхонгор, Шинэжинст, Баянцагаан, Баян-Өндөр, Баацагаан, Баянговь, Богд, Архангайн Эрдэнэмандал, Өвөрхангайн Арвайхээр, Баруунбаян-Улаан, Баян-Өндөр, Хэнтийн Биндэр, Дорнодын Матад, Өмнөговийн Даланзадгад, Гурвантэс, Булган сумдын нутгаар 16-28 м/с буюу аюултай үзэгдлийн, Говь-Алтайн Бугатад 29 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Цаг агаарын нөхцөлийн онцлог
- 12 дугаар сарын 20-ны байдлаар Увсын Давст, Түргэн, Сагил, Завханы Цэцэн-Уул, Говь-Алтайн Цээл, Эрдэнэ, Гуулин, Есөнбулаг, Баянхонгорын Баянхонгор, Хөвсгөлийн Цэцэрлэг, Архангайн Хангай, Хотонт, Булган, Өвөрхангайн Есөнзүйл, Хужирт, Дорноговийн Дэлгэрэх, Сайншанд, Эрдэнэ, Замын-Үүд, Айраг, Алтанширээ, Иххэт, Єргєн, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Онгон, Түвшинширээ, Асгат, Халзанд зузаан цастайн улмаас цагаан зудархуу нөхцөл бүрдээд байна.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
17 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2021/01/18



6 м/с


Шинэ мэдээ

