Онцлох мэдээ: Нэгдүгээр сарын 13-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба  мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Он гарсаар мөс цөмрөх 3 тохиолдол гарч нэг хүний амь нас эрсдсэн тул ард иргэд мөсөн дээр авто машинтай зорчихгүй байх, бага насны хүүхдийг гол мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх зэргээр байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-01-13

Урьдчилсан мэдээ > Сар
Шинэчлэгдсэн: 2020-01-02 14:27:29

Хэвлэх

2020 оны 1-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв

ТАНЫ АНХААРАЛД

 

Цаг агаарын сарын урьдчилсан мэдээнд тухайн сард агаарын дундаж температур, орох хур тунадасны хэмжээ нь олон жилийн дундажтай харьцуулахад ямар байхыг баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор), төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул), зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар), говийн (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр) нутгийн гэсэн 4 бүс нутаг тус бүрээр ялган зааж өгдөг. Түүнчлэн тухайн сарын хэдий үед нутгийн аль хэсэгт дулаарах, хүйтрэх, бороо, цас орох, салхи шуурга болохыг тусгана. Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томъё хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 00-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.

Цаг агаарын урьдчилсан мэдээг өдөр бүр 12 цагаар болон нэг, тав хоногоор нарийвчлан гаргаж радио, телевиз, хэвлэлээр нийтэд мэдээлдэг. Цаг агаарын байдал эрс өөрчлөгдөн цаашид хөдөө аж ахуйн болон эдийн засгийн бусад салбарын хэвийн үйл ажиллагаанд саад учруулахаар аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй тохиолдолд “Урьдчилан анхааруулах мэдээ”, “Урьдчилан сэрэмжлүүлэх мэдээ” гаргаж радио, телевизээр нийт ард ¬иргэдэд, харин эд хөрөнгө, иргэдийн амь нас хохирохоор онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхээр бол “Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ” гаргаж “Харанга” дохиотойгоор мэдээлэх ба мэдээллийг онцгой байдлын шугамаар нийт ард иргэд, төр засгийн бүх шатны удирдлагад шуурхай хүргэдэг. Холбогдох газрын удирдлага “Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ”-г хүлээн авмагц мэдээллийг өөрийн харъя нутаг дэвсгэрийн иргэдэд хүргэх, гамшгаас хамгаалах, гамшгийн голомтод ажиллах, сэргээн босгох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах үүрэгтэй.

Ус, цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас хүний амь нас эрстсэн, байгаль орчин, эд хөрөнгөнд хохирол учирсан тохиолдолд сум, дүүргийн Засаг дарга ажлын хэсэг томилон ажиллуулж, уг гамшигт үзэгдлээс хамгаалах талаар зохион байгуулсан арга хэмжээ, үр дүн, учирсан хохирол, гарсан зардлын талаарх мэдээллийг нэгтгэн аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын газар, хэлтэс, Улсын онцгой байдлын ерөнхий газар, аймгийн Цаг уур, орчны шинжилгээний алба, Улаанбаатар хотын Ус цаг уурын хүрээлэнд 3 хоногийн дотор ирүүлнэ.

Цаг агаарын мэдээний талаар лавлах, эсвэл байгаль цаг уурын сонин хачин үзэгдлийн талаарх мэдээллийг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн  326606, 326609 утсаар өгөх юмуу "УБ-46, Жуулчны гудамж-5, Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн  “Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтэс" гэсэн хаягаар ирүүлнэ.

 

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Нэгдүгээр сарын агаарын температурын уур амьсгалын  дундаж нь Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Сэлэнгийн өмнөд болон зүүн хэсгээр 26-32 градус, Говь-Алтай, Өмнөговь, Дундговийн ихэнх нутаг, Баян-Өлгийн хойд,  Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Дорноговийн өмнөд,  Төв аймгийн баруун өмнөд хэсгээр 12-18 градус, бусад нутгаар 19-24 градус хүйтэн байдаг /1 дүгээр зураг/ боловч сүүлийн 20 гаруй жилийн байдлаар 1981, 1984, 2000, 2005, 2008, 2010, 2011 онуудад ихэнх нутгаар, 1990, 2001 онд нутгийн зүүн хагаст, 2016 онд нутгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 2-10 градусаар хүйтэн болж, шөнийн үнэмлэхүй бага температур Увс, Хөвсгөл, Завханы хойд хэсгээр 47-55 градус, бусад нутгаар 38-44 градус хүрч хүйтэрсэн бол 1982, 1985, 1986, 1989, 1992, 1994, 1999, 2002, 2006, 2007, 2015 онуудад ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 1-7 градусаар дулаан байж, өдөртөө Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 9-14 градус хүйтэн, Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд,  Архангай, Өвөрхангайн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 1 градус хүйтнээс 5 градус хүрч дулаарч байжээ.

Энэ сард уур амьсгалын дунджаар Ховдын өмнөд, Увс, Завхан, Булганы хойд, Хөвсгөлийн баруун хэсэг, Сэлэнгийн ихэнх нутгаар 2-4 мм, бусад нутгаар 2 мм хүртэл цас ордог /2 дугаар зураг/ боловч 1980, 1982, 1993, 1995, 1999, 2006 онуудад ихэнх нутгаар, 1984, 1992, 2009 онуудад нутгийн баруун хагаст тун бага цас орсон бол 1987, 2002 онд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 1990 онд говь, зүүн зүгийн нутгаар, 2001, 2003, 2005, 2007 онд баруун, төв, зүүн зүгийн нутгаар, 2010 онд ихэнх нутгаар, 2011 онд баруун, төв, говийн нутгаар уур амьсгалын дунджаас 1-4 дахин их цас оржээ. Уур амьсгалын дундаж байдлаар говийн нутгаар 1-4 см, баруун ба төвийн нутгийн хойд хэсгээр 10-15 см, бусад нутгаар 4-9 см зузаан цас тогтдог боловч цас их орсон жилүүдэд цасны дундаж зузаан 40-60 см-т хүрч мал өвөлжилтийн байдал онцгой хүндэрч байжээ.

Салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол жил бүр 1-3 удаа ажиглагддаг. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины үнэмлэхүй их хурд 1990, 1994, 1996 онуудад Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Төв, Дундговийн нутгаар 20-28 м/с хүрч хүчтэй цасан шуурга шуурч байжээ.

 

 

 

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

 

Бaруун аймгуудын нутаг.  Агаарын температур нь Увсын зүүн, Завханы ихэнх нутгаар ОЖД-с 1.0-1.5 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна /3 дугаар зураг/.         

Нэгдүгээр арав хоногийн эхээр хүйтний эрч суларч Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Хүрэнбэлчирийн  хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 28-33 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Хүрэнбэлчирийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, шөнөдөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

            Энэ сард орох цасны хэмжээ нь Баян-Өлгийн ихэнх нутаг, Ховдын өмнөд хэсгээр, Завханы зүүн хэсгээр ОЖД-с ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй /4 дүгээр зураг/.

            Нэг дүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үер зарим газраар цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед Алтайн уулархаг нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.   

 

Төвийн аймгуудын нутаг. Агаарын температур нь Өвөрхангайн өмнөд хэсгээр ОЖД-н орчим, бусад нутгаар дунджаас хүйтэн байх төлөвтэй /3 дугаар зураг/.

Нэгдүгээр арав хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг суларч  Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

            Энэ сард орох цасны хэмжээ нь Өвөрхангайн өмнөд хэсгээр ОЖД-н орчим, бусад нутгаар дунджаас ахиу байх төлөвтэй/4 дүгээр зураг/.

            Нэг дүгээр арав хоногийн сүүлч нутгийн зарим газраар, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үер ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.     

Зүүн аймгуудын нутаг. Агаарын температур нь Сүхбаатар аймгийн өмнөд хэсгээр ОЖД-н орчим, бусад нутгаар дунджаас хүйтэн байх төлөвтэй. /3 дугаар зураг/.

Нэгдүгээр арав хоногийн эхээр суларч Хэрлэн, Халх голын саваар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Энэ сард Сүхбаатарын ихэнх нутаг, Хэнтийн өмнөд хэсгээр, ОЖД-н орчим, бусад нутгаар дунджаас ахиу цас орох төлөвтэй.. Нэг дүгээр арав хоногийн сүүлч нутгийн зарим газраар, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үер ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй./4 дүгээр зураг/.

Говийн аймгуудын нутаг. Агаарын температур нь ихэнх нутгаар ОЖД-н орчим байх төлөвтэй. /3 дугаар зураг/.        

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. Харин  гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтний эрч бага зэрэг чангарч Дундговийн нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Дундговийн ихэнх нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Энэ сард нийт нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй/4 дүгээр зураг/.

            Нэгдүгээр арав хоногийн сүүлээр нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч хоёрдугаар дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 12-14 м/с, зарим үед Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 20-24 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.

 

Улаанбаатар - 2020/01/21

14 цаг

-14 6
O
CF
Утаа
1 м/с

ӨНӨӨДӨР - 2020/01/21

-12 10
O
CF
Үүлшинэ

5 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store