
Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2017-01-04 23:14:26
Гол, мөрний усны горимын тойм 2016-10-11
2016 оны аравдугаар сарын нэгдүгээр арав хоног
1.Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн
2016 оны аравдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд голын усны түвшин өмнөх арав хоногт 10-25 см буурсан ба мөсөн зах үүсч шингэн зайр гүйх үзэгдэл ажиглагдаж эхэлсэн байна . Харин Эг, Бүгсий, Үүр голын хувьд хугацааны турш түвшний өөрчлөлт багатай байлаа. Дээрх голуудын аравдугаар сарын 11-ны өдрийн усны түвшин олон жилийн дунджаас 10-15 см бага харин 2015 оны мөн үеийнхээс 10-25 см ахиу байна.
Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир голын усны түвшин өнгөрсөн хугацааны турш 5-30 см буурсан ерөнхий хандлагатай байсан ба энэ нь олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 10-40 см их байна.
Хэнтэй нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Шарын гол, Тэрэлж, Туул, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр зэрэг голуудын усны түвшин өмнөх арав хоногийн турш 5-10 буурсан ба жижиг голуудад мөсөн зах үүсэх үзэгдэл ажиглагдаж эхэлсэн байна. Хэнтэй нурууны баруун хажуугийн дээрх голуудын усны түвшин 10-50 см бага харин 2015 оны мөн үеийнхээс 5-30 см их түвшинд байна.
Сэлэнгэ мөрөн Орхон голын дагууд усны түвшин өнгөрсөн хугацааны турш 5-15 см аажим буурсан ерөнхий явцтай ба энэ нь олон жилийн дундаж болон 2015 оны мөн үеийнхээс 20-60 см ахиу байна.
2.Номхон далайн ай савын гол, мөрөн
Хэнтэй нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Онон голын усны түвшин арав хоногийн турш 5-15 см буурсан бол Хэрлэн, Улз, Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд өнгөрсөн хугацааны турш түвшний хэлбэлзэл багатай өнжсөн байна. Эдгээр голуудын усны түвшин олон жилийн дунджаас 10-35 см бага харин 2015 оны мөн үеийнхээс 15-20 см ахиу байна.
3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав
Алтай нуруу, түүний салбар уулсаас усжих Ховд, Сагсай, Турган, Харбут, Чигэртэй, Булган, Дундцэнхэр, Чонохарайх, Төгрөг, Долооннуур, Хангай нурууны өврийн Чигэстэй, Богд, Буянт, Хүнгүй, Хожуул, Зүйл, Завхан, Түй, Заг, Шаргалжуут, Онги, Зэгэстэй, Таац зэрэг голуудад мөсөн үүсч шингэн болон өтгөн зайр гүйх үзэгдэл голлон ажиглагдсан байна.
Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Түргэн, Тэс, Намир, Хангилцаг, Хариг зэрэг голуудын усны түвшин өнгөрсөн хугацаанд 5-20 см буурсан байна.
Аравдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин буурсан ерөнхий хандлагатай байсан ба зарим голуудад мөсөн зах үүсч шингэн, өтгөн зайр гүйх үзэгдэл ажиглагдаж эхэлсэн байна.
Ус судлалын сектор
2016.10.11

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
2 цаг



0 м/с


ӨНӨӨДӨР - 2021/01/20



5 м/с


Шинэ мэдээ

