Уур амьсгал
Шинэчлэгдсэн: 2015-01-13 08:20:21

Хэвлэх

Дэлхийн дулаарлын тойм

Др Д.Дагвадорж

БОЯ-ны Газрын дарга

Оршил

НҮБ-ын Ерөнхий Ассемблейн шийдвэрийн дагуу Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний Хороо (IPCC)–г Дэлхийн Цаг уурын байгууллага (WMO), НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP) хамтран анх 1982 онд байгуулсан байна.

IPCC нь дотроо 3 үндсэн ажлын хэсэгтэй. Хэсэг тус бүр дараах асуудлуудыг хариуцан ажилладаг. Үүнд:

Read More

  • Нэгдүгээр ажлын хэсэг -уур амьсгалын өөрчлөлтийн шинжлэх ухааны үндэслэл, онолын судалгааны асуудал,
  • Хоёрдугаар ажлын хэсэг - уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлөл, түүнд нийцэн зохицох асуудал,
  • Гуравдугаар ажлын хэсэг- уур амьсгалын өөрчлөлтийг зөөлрүүлэх, хүлэмжийн хийн хуримтлалын хэмжээг бууруулах асуудал.

Эдгээрээс гадна улс орнуудын баримтлах Хүлэмжийн хийн тооллого (инвентори) хийх арга зүйг боловсруулах асуудлыг хариуцсан тусгай хэсэг ажилладаг.

 

IPCC-ийн ажлын онцлог нь Засгийн газар хоорондын байгууллагын эрхтэй ажиллаж, дэлхийн аль ч улсын судлаачид, мэргэжилтнүүд өөрсдийн болон улс орондоо хийж байгаа судалгааны ажлын үр дүн болон үйл ажиллагааны тухай мэдээллийг тус байгууллагаас гаргах илтгэл, тайланд тусгуулах боломж нээлттэй байдаг явдал юм.

IPCC өнгөрсөн хугацаанд уур амьсгалын өөрчлөлтийн тухай шинжлэх ухааны үндэслэл, тухайн үеийн хамгийн сүүлийн үеийн ойлголт, дэлхийн эрдэмтдийн судалгааны ажлын үр дүнг нэгтгэн үнэлэлт, дүгнэлт өгсөн 4 удаагийн нэгдсэн тайлан, илтгэлийг 1990, 1995, 2001, 2007 онуудад гаргасан байна. Өөрөөр хэлбэл уур амьсгалын өөрчлөлтийн тухай ойлголт, мэдээлэл, үйл ажиллагааны үр дүнг 5-6 жил тутам шинэчлэн, нэгтгэн дүгнэж ирсэн байна. Үүнээс гадна тодорхой асуудлуудаар техникийн тайлан, илтгэл, гарын авлагууд гаргасаар иржээ.

IPCC–ээс гаргасан үнэлгээний тайлан илтгэлүүд, тэдгээрт хийсэн үнэлэлт, дүгнэлтүүд нь Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар олон улсын хэлэлцээр явуулах, гэрээ хэлэлцээр байгуулах, цаашид авах арга хэмжээний асуудлаар тодорхой шийдвэр гаргах шинжлэх ухааны гол үндэслэл болж байна.

 

IPCC-ийн 2007 оны нэгдсэн тайлан илтгэлд хийсэн гол дүгнэлтүүд:

Өмнө дурьдсаны дагуу IPCC-ийн сүүлчийн дөрөвдүгээр үнэлгээний тайлан илтгэл 2007 онд хэвлэгдэн гарлаа. Энэ дашрамд дурьдахад IPCC-г уур амьсгалын өөрчлөлтийн талаар гаргасан бүтээлээр нь төлөө 2007 оны Нобелийн Энхтайвны шагнал олгосон байна.

Үнэлгээний энэхүү илтгэл нь уур амьсгал болон түүний хувьсал өөрчлөлтийн талаарх олон асуудлыг 2001 онд гарсан Үнэлгээний III илтгэлээс хойш хийсэн шинэ шинэ судалгаа шинжилгээний ажлын дүн, илүү нарийвчлалтай загварчлалын арга болон ажиглалт хэмжилтийн илүү урт хугацааны үнэмшилтэй мэдээ, материал дээр үндэслэгдсэн байна.

IPCC-ийн дөрөвдүгээр тайлан илтгэлд хийсэн гол гол дүгнэлтүүдийг тоймлон нэмэлт тайлбаргүйгээр доор сийрүүлэв. Үүнд:

 

Нэгдүгээр ажлын хэсэг: Шинжлэх ухааны үндэслэл

 

Өмнөх үеийн уур амьсгалын өөрчлөлт:

  • XX зууны сүүлчийн хагаст дэлхийн бөмбөрцгийн хойт хагасын агаарын дундаж температур сүүлийн 500 жилийн дурын 50 жил тутмын дунджуудаас хамгийн их гэдэг нь маш өндөр магадлалтай байна. Мөн дээрх температур сүүлийн 1,300 жилийн хамгийн дулаан утга ч байх боломжтой юм. Сүүлийн үеийн зарим судалгаа бөмбөрцгийн хойт хагасын температур Үнэлгээний III илтгэлд дурьдснаас илүү их хэлбэлзэлтэй болохыг харууллаа. Ялангуяа XII, XIV, XVII болон XIX зуунд илүү хүйтэн үе тохиож байжээ.
  • Сүүлийн мөстөл хоорондын үед (125,000 жилийн өмнө) туйлын мөс хайлж огшсноос шалтгаалан гадаад далайн түвшин XX зууны дундаж түвшнээс 4-6 м өндөр байсан байх боломжтой байна. Мөстлийн үе давхрагад хийсэн шинжилгээ судалгаанаас үзэхэд дэлхийн нарыг тойрох замналын ялгаанаас болж тэр үед туйлын дундаж температур өнөөгийнхөөс 3-5оС-аар дулаан байжээ.

Өнөө үеийн уур амьсгалын өөрчлөлт:

XX зууны дунд үеэс хойш дэлхийн дундаж температур өссөн нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн агууламжийн ихсэлтээс үүдэлтэй болох нь маш өндөр магадлалтай байна. Энэ нь сүүлийн 50 жилд дэлхийн дундаж температурын өсөлт хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан хүлэмжийн хийн агууламжийн нэмэгдэлтээс шалтгаалсан байх боломжтой гэсэн өмнөх Үнэлгээний III илтгэлд хийсэн дүгнэлтийг гүнзгийрүүлсэн юм. Нэгэнт илэрхий болсон хүний үйл ажиллагааны нөлөөллүүд нь далайн усны халалт, эх газрын дундаж температур, үнэмлэхүй температур, салхины шинж чанар зэрэг уур амьсгалын бусад үзүүлэлтийн өөрчлөлтийн тухай ойлголтын хүрээг тэлж байна.

  • Хүлэмжийн хийн агууламжийн өсөлт нь дангаараа одоо ажиглагдаж байгаагаас илүү их дулааруулах боломжтой юм. Учир нь урьд өмнө тохиолдож байсан галт уулын дэлбэрэлт, хүний үйл ажиллагаатай холбоотой агаарт дэгдэн гарсан тоосонцор зэрэг нь дулааралтыг сааруулах нөлөө үзүүлдэг.
  • Уур амьсгалын дулааралт нь газрын гадарга, агаар мандал, далай дээрх хэдэн зуун метрийн өндөр дэх давхаргын температур өөрчлөлөгдөхөд хүргэж улмаар далайн түвшин нэмэгдэхэд хүргэж байна. Орчих мандлын үе давхаргын дулаарал болон давхраат мандлын давхаргын сэрүүсэлт нь хүлэмжийн хийн агууламжийн өсөлт болоод давхраат мандлын озоны бууралтын хам нөлөөнөөс шалтгаалсан байх маш өндөр магадлалтай.
  • Антарктидээс бусад тив тус бүрээр дундажлан гаргасан өнгөрсөн 50 жилийн дулааралт хүний үйл ажиллагаанаас мэдэгдэхүйц шалтгаалсан байх боломжтой. Эх газар далайгаас илүү ихээр халах нөхцөл, түүний цаг хугацааны өөрчлөлт зэрэг сүүлийн 50 жилийн дулаарлын онцлог шинж тэмдгүүдийг зөвхөн хүний үйл ажиллагааны хүчин зүйлийг тооцсон загвараар гарган авдаг юм. Зургаан тив бүрийн хувьд ажиглагдсан температурын хувьслыг тодорхойлох хосолмол загварууд бий болсон нь хүний үйл ажиллагаа нь уур амьсгалд нөлөөлж буйг Үнэлгээний IIII илтгэлд дурьдсанаас илүү баттай харуулах боломж олгож байна.
  • Өмнөд ба хойд хагас бөмбөрцгийн халуун бүсийн /тропикийн/ гаднах циклоны замнал болон температурын шинж чанарт нөлөөлөх салхины хэв шинжийн өөрчлөлтөд хүний үйл ажиллагаа нөлөөлөх боломжтой юм. Гэхдээ хойд хагас бөмбөрцгийн агаарын орчил урсгалын ажиглагдсан өөрчлөлт нь XX зууны хүчин зүйлийн өөрчлөлтөөр тооцоолсон үр дүнгээс илүү байна.
  • Хүний үйл ажиллагааны хүчин зүйлсээс шалтгаалан онцгой халуун ба хүйтэн шөнийн үнэмлэхүй температурууд, мөн хүйтэн өдрийн температур өсөх боломжтой юм. Түүнчлэн хүний үйл ажиллагааны улмаас хэт халалтын эрсдэл нэмэгдэхийг үгүйсгэх аргагүй.

Уур амьсгалын загваруудын болон ажиглалт хэмжилтийн үр дүнд хийсэн дүн шинжилгээгээр анх удаа уур амьсгалын тэнцвэрт мэдрэмтгий байдлын болзошгүй хэмжээ хязгаарыг үнэлж улмаар уур амьсгалын систем цацрагийн хүчний үйлчлэлд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх талаар илүү их баталгаатай ойлголттой боллоо.

  • Уур амьсгалын мэдрэмтгий шинж, тэнцвэрт байдал нь уур амьсгалын систем цацрагийн хүчин зүйлийн үйлчлэлд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх хэмжүүр юм. Энэ нь урьдчилсан тооцоо биш бөгөөд харин нүүрсхүчлийн хийн (CO2) агууламж хоёр дахин ихсэхэд бий болох дэлхийн гадаргын дундаж дулаарлаар илэрхийлэгдэнэ. Энэ нь 2оС-аас 4.5оС-ын хязгаарт хэлбэлзэх бөгөөд хамгийн боломжтой хэмжээ нь 3оС орчим байх боломжтой бөгөөд 1.5оС-аас бага байх бараг боломжгүй, харин 4.5оС-аас илүү гарч дулаарахыг ч үгүйсгэх аргагүй байна. Уур амьсгалын мэдрэмтгий шинж нөлөөлөх хүчин зүйлсийн томоохон төлөөлөл бол усны уурын өөрчлөлт юм. Үүнийг Үнэлгээний III илтгэлд орсноос илүү нарийвчлалтай тооцох боломжтой болсон боловч үүл, газрын гадаргын температурын холбоо тодорхойгүй хэвээр байна.
  • 1950-иад оноос өмнөх 7 зууны турш тохиолдож байсан уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаан нь уур амьсгалын системийн дотоод хувьсал өөрчлөлттэй холбоотой байсан байх нь маш өндөр магадлалтай байна. Бөмбөрцгийн хойд хагаст өнгөрсөн хэдэн зууны сэргээсэн температурын явцаас үзэхэд түүний өөрчлөлтөнд галт уулын дэлбэрэлт, нарны цацраийн эрчмийн өөрчлөлт хамгийн их нөлөөлсөн байх маш өндөр магадлалтай бөгөөд зөвхөн 20 дугаар зууны эхээр хүний үйл ажиллагаатай холбоотой хүчин зүйлс нөлөөлсөн байх боломжтой байна.
Улаанбаатар - 2017/05/29

8 цаг

12 53
O
CF
Утаа
2 м/с

ӨНӨӨДӨР - 2017/05/29

24 75
O
CF
Багавтар үүлтэй

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

Та цаг агаарын өдөр тутмын мэдээллээ ямар эх сурвалжаас авдаг вэ?

google play app store